Б.Өлзийжаргал: “Намайг нэг компани угаагчаар тоож аваагүй юм. Яагаад гэсэн чинь…

Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: Би ямар нэгэн мэргэжилгүй, зүгээр л Зоригоогийн эхнэр, гэрийн эзэгтэй хүн

“Хань минь намайг сайн ойлгож, дэмждэг учраас л би тэгж илэн далангүй ярьсан”

Хайр, халамжаар дутаадаггүй ч гэнэтийн бэлэг барихдаа маруухан нөхрийнхөө талаар нэгэн бүсгүй лайв хийхдээ ярьсан нь олны сонирхлыг ихэд татсан. “Шуналтай, давруу бүсгүй” гэж шүүмжлэх нэгэн байхад “Шуналгүй хүн гэж байхгүй. Харин ч хөөрхөн гэгээлэг, байгаагаараа, энгийн эмэгтэй” гээд эергээр хүлээж авсан нь ч бий. Энэ гол ярианы эзэн бол Б.Өлзийжаргал гэдэг бүсгүй. Түүний ханийг Б.Зоригт гэдэг. Тэдэнтэй ярилцлаа.

Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: ХАНИАРАА ҮНЭХЭЭР БАХАРХДАГ, ИХ ХАЛАМЖТАЙ

–Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

Б.Зоригт (Н.З):– Намайг Батчулууны Зоригт гэдэг. Ханьтайгаа ханилаад зургаан жил болж байна.

Ж.Өлзийжаргал (Ж.Ө):– Намайг Жаргалсайханы Өлзийжаргал гэдэг. Айлын хамгийн ууган нь, дөрвөн дүүтэй. Ерөнхий боловсролын сургуулиа ОХУ-д төгссөн. Нөхөр бид хоёр хоёулаа дээд боловсролгүй.

Б.З:– Их олон хүн эхнэр бид хоёрыг сэтгүүлч эсвэл сэтгэл зүйч мэргэжилтэй юү гэж асууна лээ. Ерөөсөө тийм биш.

Ж.Ө:– Харин тийм ээ. Намайг амны пигур сайтай болохоор тэгж андуурч байгаа бололтой. Юуг нь нуух вэ, нөхөр бид хоёр их сургууль төгсөөгүй. Би ямар нэгэн мэргэжилгүй, зүгээр л Зоригоогийн эхнэр, гэрийн эзэгтэй хүн (инээв). Дээд боловсрол эзэмшээгүй ч тухайн хүн өөрөө л хичээж, хөдөлмөрлөн, үнэнч, шударга явбал сайхан амьдарч чадна гэдэгт итгэдэг жирийн нэг монгол эмэгтэй. Би багадаа их сургууль төгсөөгүйгээсээ ичдэг, өөрийгөө голдог байв. Ажилд орох гээд очихоор хамгийн түрүүнд “Аль сургууль төгссөн бэ. Дипломыг нь үзье” гэнэ. Тэгээд л мухарддаг байв. Тэгэхэд ээж “Хүн дээд сургууль төгсөхөөс илүү ханиа зөв сонгох хамгийн чухал. Хэчнээн олон сургууль дүүргэлээ гээд муу ханьтай учирвал жаргалтай амьдарч чадахгүй. Тиймээс ханиа л зөв сонгоорой” гэж захидаг байсан юм. Нээрэн үнэн юм билээ. Ханиараа би бахархдаг. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, бусдаас дутахгүй сайхан амьдарч байна, бид хоёр. Энд бараа заран, наймаа эрхлээд удаагүй байгаа ч учрыг нь овоо олж л байна.

Б.З:– Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах их чухал. Хоёулаа эдийн шуналгүй болохоор амьдралаас нэг их юм хүсдэггүй. Мэдээж унах унаатай, амьдрах гэртэй болохыг хүсэлгүй яах вэ.

–Та хоёр анх хэрхэн танилцаж байв. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

Б.З:- Тухайн үед би нэг ахынхаа компанид ажилладаг, оройн цагаар таксинд явдаг байлаа. Нэг орой явж байтал хань минь такси барьсан юм. Тэгээд ажил нь оройтсон өдрөө намайг дуудаж байхаар тохирсон юм. Тэгж анх танилцаж байлаа.

Ж.Ө:- Үнэнийг хэлэхэд анхандаа бие биенээ эрэгтэй, эмэгтэй хүн гэж хараагүй. Зүгээр л нэг нь таксины жолооч, нөгөө нь үйлчлүүлэгч л гэж бодсон. Оройтохоороо Баянхошуу руу хүргүүлэхэд надаас таван мянган төгрөг авдаг байсан юм. Боломжийн хөлстэй болохоор нь оройтохоороо дууддаг байв.

–Хэр хугацааны дараа бие биедээ дасаж, өөр нүдээр харах болсон бэ?

Б.З:– Өө, нэг их удаагүй. Тэгээд л ханьдаа дасаад дурлачихсан.

Ж.Ө:– Ёстой тэгсэн. Би бол таксидаж явж байгаад нөхөртөө дасчихсан. Нэг мэдэх нь ээ таксины жолооч залуу гэж харуулдахаа больчихсон байсан. Зоригоо өнөөдөр завтай болов уу, намайг хүргэж өгөх болов уу гэж догдлоод л (инээв).

Б.З:– Нэг мэдсэн чинь бие биенээ хайр аа, ханиа гэж дуудаад л явж байсан (инээв).

Ж.Ө:– Үнэнийг хэлэхэд би үндэсний бөхөөр барилддаг, хүдэр чийрэг, бадируун биетэй залуутай сууна гэж боддог байсан юм. Бөхчүүд хулгар чихтэй, хөлс үнэртсэн, хээгүй байдаг шүү дээ. Бага байхаас л аав үргэлж бөх үздэг байсан юм л даа. Анх танилцахад Зоригоо 70 гаруй кг жинтэй байсан, солонгос стильтэй. Бид хоёр хоёулаа өөрсдийнхөө мөрөөдөж байсан хүнтэй суугаагүй ээ. Тийм ээ, хайр аа.

Б.З:– Тийм ээ.

–Тэгэхээр Зоригоогийн хувьд ханиа ямар хүн байгаасай гэж боддог байв?

-Даруухан, нүүрээ буддаггүй, цэвэрч хүнд илүү татагддаг байсан юм л даа. Яг ханийн тухайд эсрэгээрээ байдаг юм билээ. Хань минь цовоо сэргэлэн, нээлттэй болохоор надад илүү амар байдаг юм.

Б.ЗОРИГТ: ХАНИЙНХАА ҮНЭНЧ, ШУДАРГА ЗАН, САЙХАН СЭТГЭЛЭЭР НЬ БАХАРХДАГ

–Бие биенийхээ юугаар нь илүү бахархдаг вэ?

Б.З: Ханийнхаа шударга, үнэнч зангаар нь, сайхан сэтгэлээр нь бахархдаг. Ямар ч ажил эхлүүлсэн заавал дуусгаж байж санаа нь амардаг.

Ж.Ө:– Нөхөр маань их тайван, төлөв түвшин. Хэр баргийн юманд ноён нуруу алддаггүй, налайгаад л “Болно доо, бүтнэ дээ” гээд л сууж байдаг юм. Би эсрэгээрээ их сандруу, тэвдүү. Хань минь надад үнэхээр их хайртай, халамжтай. Ёстой өөлөх юм байхгүй. Манай найз нөхөд, хамаатнууд сайн мэднэ, үргэлж магтдаг.

ХАНЬ МИНЬ НАДАД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БЭЛДЧИХСЭН БАЙСНЫГ НЬ БИ МЭДЭЭГҮЙ

–Тэгсэн мөртлөө яагаад нөхрөө “Төмс Зоригоо” гэж тодотгон, тийм бичлэг хийв. Ханьдаа гоморхон, санаагаа илэрхийлэх нь чухал байв уу. Эсвэл өөр зорилготой юу?

Ж.Ө:– Зүгээр л бодож явдгаа цайлганаар хэлсэн л төдий. Өөр ямар нэгэн зорилго, санаа байгаагүй. Халамжтай байх, романтик байх гэдэг хоёр өөр зүйл, тэс өөр ойлголт. Манай хүн халамжтай. Гэхдээ романтик биш. Тийм хүнийг “хөлдүү төмс” гэдэг шүү дээ. Өлсөв, даарав гээд үргэлж халамжлан, орой хариад нуруу бариад, хоол хийж өгөхөөс халамж эхэлнэ. Тиймэрхүү зүйлд үнэхээр сайн, халамжтай. Архи, тамхи огт хэрэглэдэггүй, намайг эвгүй, хүнд байдалд хэзээ ч оруулдаггүй. Ямар сайн ханьтайгаа, халамжтай хүнтэй сууснаа би сайн мэднэ. Гэхдээ манай нөхөр гэнэтийн бэлэг барих, романтиклахдаа нойл. Бид хоёр хоёулаа энгийн амьдралтай. Шуналгүй эмэгтэй хүн гэж байхгүй болов уу. Их, бага хэмжээгээр ямар нэгэн сайхан зүйл хэрэглэхийг хүсдэг шүү дээ. Зоригоотой суусан цагаасаа хойш ямар нэгэн гэнэтийн бэлэг хүлээдэг байсан юм л даа. Түүнийгээ эвтэйхэн хэлнэ. Ийм загварын гоё хувцас, цүнх гарчихаж гэдэг ч юм уу. Үнэтэй, брэндийн юмаа байг гэхэд ханьдаа гоё чихмэл ч болтугай бэлэглээрэй гэнэ. Тэгж хэлсэн хүн чинь яах нь ойлгомжтой. Шинэ жил, төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн баяр, валентинаар нөхрөө харна, аваад өгчих болов уу гээд хүлээнэ. Манай нөхөр эвтэйхэн аргалаад өнгөрнө. Сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг байв. Заримдаа санхүүгийн боломжгүй үе байлгүй яах вэ. Тэрийг ойлгохгүй бол амьдрал юу болох вэ. Хэдэн жилийн өмнө тийм юм аваад өгөөч гээд хэлснийг минь мөнгө цуглуулж байгаад ч болтугай бэлэглэх болов уу гэж хүлээдэг байсан юм л даа. Тэгээд энэ жил төрсөн өдөр дөхөв. Яг өмнөх өдөр нь манай нөхөр нүүрний тос, шампунь энэ тэр асуугаад байсан юм. Тэгэхээр нь би “Чамд нэлээд хэдэн юм хэлсэн шүү дээ. Аль нэгийг нь бэлэглэвэл гоё л байна” гэсэн. Тоож байгаа шинж алга. Ерөөсөө яг өмнөх жилүүдийнх шиг төмс царайлаад, мэдээгүй юм шиг өнгөрөх гээд байгаа бололтой. Тэгээд л би лайвынхаа үеэр энэ талаар ярьсан юм. Сайн ханьтай учраас л би тийм бичлэг хийсэн, өөрийнхөөрөө байсан. Хэрвээ намайг ойлгодоггүй, дэмждэггүй нөхөртэй байсан бол тийм бичлэг хийхгүй шүү дээ. Хэр баргийн хүн уурлаад гомдон, зарим нь салах байсан байлгүй. Манай нөхөр намайг хайраар бялхуулж, халамжаар дутаадаггүй болохоор би ийм эрх, өөрийнхөөрөө, хүссэнээ ярьж, хэлж яваа юм.

АНХНААСАА ХЭН НЭГНИЙ АНХААРЛЫГ ТАТАХ СОНИРХОЛ ЕР БАЙГААГҮЙ

–Хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол гэж төсөөлсөн бэ?

–Ж.Ө:– Би энэ талаар ер бодоогүй. Анхнаасаа хэн нэгний анхаарлыг татах ямар ч зорилго байгаагүй. Элдэв юм бодолгүйгээр зүгээр л ярьчихсан юм. Би дэлгүүрийнхээ цахим хуудсаар лайвдахдаа эхэндээ зарж буй бараануудынхаа тухай ярьсан. Тэгж байгаад зүгээр л энэ талаар дурдчихсан юм. Хүмүүс ингэж хүлээж авна, шуугина гэж ер төсөөлөөгүй. Тэгэх болов уу яах бол гэж ер бодоогүй.

ХАЙРЫГАА АНЗААРДАГГҮЙ, ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬДАГГҮЙ БАЙСНАА УХААРСАН

–Эхнэр тань тийм бичлэг хийн, ханийнхаа талаар ярихад гайхаж, эмзэглэсэн үү?

Б.З:– Ерөөсөө гайхаж, эмзэглээгүй. Эвгүй санагдаагүй. Надад хэлдэг байснаа л лайвынхаа үеэр ярьж дээ л гэж бодсон. Нээрэн би юу билээ гэж бодсон. Хайрыгаа анзаардаггүй, за, яах вэ дараа баярлуулъя гэж хойш нь тавьж явснаа ухаарсан.

Ж.Ө:– Тэр бичлэгийг ийм олон хүн үзнэ, сонирхоно гэж ёстой бодоогүй. Уг нь урт бичлэг шүү дээ. Яг тэр хэсгийг нь тасдаад цахим ертөнцөөр шуугина лээ.

Б.Н:- Манай хүн лайв хийхэд би дэргэд нь байгаагүй. Бараагаа захиалагчдаа хүргэж өгөхөөр гарсан байсан юм.

САЙН ХАНЬТАЙ БОЛОХООРОО Л БИ ТЭГЖ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРЬСАН ЮМ ШҮҮ

–Төрсөн өдрөөр нь юун баярлуулах байтугай агсам тавьдаг, тоодоггүй нөхөр олон. Зарим хүн “Ямар шуналтай, давруу хүн бэ” гээд таныг шүүмжилж байгаа нь анзаарагдсан.

Ж.Ө:– Аливаа зүйлийг харах хүн бүрийн өнцөг ондоо. Яг ингэж хараад, шүүмжилж байга хүн цөөнгүй. Миний хэлсэн ерөнхий санаа, наргиаг зүгээр л байгаагаар нь хүлээж аваасай. Би үнэхээр сайн, халамжтай нөхөртэй болохоороо л тэгж ярьсан юм шүү. Би лайв хийхдээ жүжиглэж, өөр баг зүүгээгүй. Бид хоёр бодит амьдрал дээр ч яг байгаагаараа байж чаддаг. Биенээ өднө, тунина, маазарна. Гудамжаар явахдаа хүртэл хөөцөлдөж тоглоод, дэггүйтээд. Ерөөсөө тийм гэгээлэг амьдралтай, жирийн хос.

–Нөхрөө гомдох вий гэж бодсон уу?

Ж.Ө:– Ерөөсөө тэгж бодоогүй.

Б.З:– Зарим эмэгтэй хүн санаж, бодсоноо нөхөртөө хэлэхээс эмээдэг юм билээ. Уурлах болов уу, зодох болов уу гээд. Тийм хүмүүст миний хань зөв үлгэр дууриал болсон байх. Нөгөө талаар над шиг эхнэртээ гэнэтийн бэлэг барьдаггүй, хээгүйгээ өмнөө бариад явж байсан залуус ухаарсан, алдаагаа ойлгосон байх. Олон эрэгтэй хүн “Нээрэн би ямар билээ, эхнэртээ гэнэтийн бэлэг барьж, романтик байж чаддаг бил үү” гээд өөрийгөө дүгнэж байгаа нь анзаарагдсан.

–Та тэр лайвын дараа эхнэртээ зөндөө олон гэнэтийн бэлэг барьсан байна лээ. Тэгснийх нь дараа надад ч бас анхнаасаа тавилттай байж гэж бодогдсон. Эхнэрээ лайв хийсний дараа алдаагаа засахын тулд тэгж баярлуулсан юм уу?

Б.З:– Ерөөсөө тэгээгүй. Төрсөн өдрөөр нь баярлуулахаар төлөвлөн, бэлдчихсэн байсан юм.

Ж.Ө:– Би харин тэрийг нь мэдээгүй юм аа. Өмнөх жилүүд шиг төмс царайлаад өнгөрөх юм болов уу л гэж бодсон. Жилийн өмнөөс нөхөр бид хоёр хуримтлал үүсгэж байгаа, гурван өөр. Нэг нь аяллын. Нөгөө нь эрсдэлийн. Сүүлчийнх нь ойрын хэрэглээний. Хуримтлалынхаа хамаг мөнгөөр намайг баярлуулчихсан байна лээ. Хайран юм.

ХОСЫН ВЛОГ ХИЙХ ТАЛААР БОДОЖ ҮЗНЭ

-Хосын влог хийх, цахим ертөнц ашиглан контент бүтээх бодол бий юү?

Ж.Ө:– Өмнө нь энэ талаар ер бодож байгаагүй. Ер нь бид хоёрт боломж байгааг мэдэрлээ. Хосын влог хийх талаар бодож үзнэ.

Б.З:– Тэгэхийн тулд юуны түрүүнд туршлага судлах чухал байх. Бичлэгээ хэрхэн хийх, яаж монтажлахаас авхуулаад сурах зүйл бид хоёрт их бий.

-Залууст хандан юу хэлэхийг, захихыг хүсэж байна вэ?

Б.З:– Ханиа сайн анзаарч, жаахан зүйлээр ч болтугай гэнэтийн бэлэг барьж байгаарай. Заавал баяраар бус жирийн өдөр ч surprise барьж байгаарай гэж захья.

ОДОО ӨӨРИЙН ГЭСЭН ГЭРТЭЙ БОЛООД, ТУСДАА ГАРЧИХВАЛ БАШИЙХ ГЭЭД БАЙНА

-Та хоёр ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

Б.З:– Зөндөө олон зорилго байна аа. Бид хоёр манай ээжийнд амьдардаг. Юуны түрүүнд тусдаа гарахыг, өөрийн гэсэн байртай юм уу гэртэй болохыг хүсэж байна. Байртай болчихвол бүр сайхан, ёстой башийхгүй юу.

Ж.Ө:– Би амьдралаас том юм ер хүсдэггүй. Нөхөр минь ч бас тийм. Зүгээр л сайхан элэг бүтэн амьдрахыг, өөрсдийн гэсэн гэртэй болохыг, яг одоогийнх шигээ биенээ үүрд хайрлахыг л хүсэж байна. Одоогийнх шигээ биендээ үнэнч, халамжаар дутаахгүй хайрлаад, гэгээлэг, жоке амьдарвал л сайхан. Уг нь байртай болчих юм сан. Хоёулаа нийгмийн даатгал төлдөггүй болохоор зээлд хамрагдах боломжгүй. Би наймдугаар ангид сурч байхаасаа хойш ээждээ туслан, барааг нь заралцдаг байлаа. Олон газар худалдагч хийсээн. Худалдагчийн зовлонг сайн мэднэ. Хань минь өмнө нь барилга угсралтын компанид ажилладаг байсан юм. Хоёулаа дээд боловсролгүй болохоор эвтэйхэн ажилд орж чаддаггүй. Юм гэдэг их сонин юм аа. Өмнө нь нэг компани намайг угаагчаар тоож аваагүй юм. Яагаад гэсэн чинь. Аяга угаахад диплом хэрэгтэй гэнэ. Тэгэхэд дипломгүй, дээд сургууль төгсөөгүй гээд голсон юм. Тэгсэн өнөөдөр (өчигдөр) өнөөх компани чинь нөхөр бид хоёрыг ресторандаа урьсан, очоогүй ээ. Хүний амьдрал нээрэн ёстой сонин байгаа биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *