ДАШТ-д оролцохын төлөө Э.Цэндбаатартай өрсөлдөх О.Тулга гэж хэн бэ?

ДАШТ-д оролцохын төлөө Э.Цэндбаатартай өрсөлдөх О.Тулга гэж хэн бэ

Монголын боксын холбоо шийдвэрээ эргэн харж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт боломж олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга тэрбээр дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийн төлөө О.Тулгатай халз тулалдахаар болов.

Уг нь О.Тулга сорилго тэмцээнд түрүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авсан. Харин Э.Цэндбаатар сахилга батын алдаа гаргасны улмаас шигшээ багаас хөөгдөн, дэлхийн дэвжээнд тоглох эрхээ хасуулаад байсан юм.

О.ТУЛГА: БОКСЫН ХОЛБООНЫ ШИЙДВЭРИЙГ Л ДАГНА

ДАШТ-д өрсөлдөх эрх авсан есөн боксчин Монголын боксын холбоо тэднийг халз тулалдуулах шийдвэр гаргахаас өмнө О.Тулгатай холбогдоход ийм байр суурь илэрхийлсэн юм.

-Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлт гаргаад буй. Энэ талаар О.Тулга ямар байр суурьтай байна вэ?

-Мэдэхгүй. Багш л мэдэж байгаа. Энэ талаар багшаас асуусан нь дээр. Би “Алдар” спорт хорооны тамирчид, А.Гантулга багшийнхаа хамт армийн дэлхийн аваргад оролцохоор явж байна. Одоо Сэлэнгэд явна.

-Хэрвээ Э.Цэндбаатарын хүсэлтийг зөвшөөрвөл та ДАШТ-д өрсөлдөх боломжгүй болно.

-Тэгнэ.

-Хэрвээ халз тулаан хийгээд та хоёрын нэгийг нь сонгохоор болвол зөвшөөрөх үү?

-Мэдэхгүй. Монголын боксын холбоо ямар шийдвэр гаргахаас л шалтгаална. Боксын холбооны шийдвэрийг л дагна.

ДАШТ-д өрсөлдсөнийхөө дараа мэргэжлийн дэвжээнд тулалдахаа мэдэгдээд буй тэрбээр МҮОХ, МБХ, БТСУХ-нд хүсэлт гарган, уйгагүй хөөцөлдөн, монгол түмэн давалгаалан дэмжсэний үр дүнд санасандаа хүрлээ.

Мэдээж энэ шийдвэр Э.Цэндбаатарын хүслийг биелүүлсэн. Харин сорил тэмцээнээс эрхээ аваад, ДАШТ-ий бэлтгэлээ базааж буй О.Тулгад ямар байхыг, түүний эрх ашгийг үл харгалзсан шийдвэр. Ямартай ч тэд ирэх сарын 3-нд халз тулалдахаар боллоо. Ялсан нь ДАШТ-д өрсөлдөх эрх авна.

О.ТУЛГА ГЭЖ ХЭН БЭ?

-Тэрбээр “Алдар” спорт хорооны тамирчин

-Түүний багш нь Гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга. Гавьяат тамирчин Н.Төгсцогт, армийн дэлхийн аварга, Азийн аварга Б.Чинзориг, Road FC холбоонд гялалзаж яваа М.Нандин-Эрдэнэ, улсын аварга Х.Энхмандах, Х.Энх-Амар нарын олон шилдгүүд түүний шавь.

-О.Тулга энэ жил 20 настай

-Цар тахлын халдварын улмаас сүүлийн хоёр жил УАШТ болоогүй. Тиймээс тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож байгаагүй

-О.Тулга өсвөр үе, залуучуудын УАШТ-ий олон түрүүтэй

-Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай.

-Боксын спортоор найман жил хичээллэж байгаа.

-Э.Цэндбаатар, О.Тулга нар өмнө нь хоорондоо учраа таарч байгаагүй. Анх удаа тулалдана.

Амжилт, туршлагаас нь харвал Э.Цэндбаатар ялах магадлал илүү. Мэдээж ялах боломж О.Тулгад ч мөн бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *