Реппер цагдаа Д.Өнөболд: Сарын өмнө би шинэхэн аав болсон. Тэр цагаас хойш өдөр бүр л аав, ээж маань намайг өсгөх гэж юуг туулж

Реппер цагдаа: “Open mic”-т дуулсан дуугаа долдугаар ангийнхаа урлагийн үзлэгээр дуулж байлаа

Өнгөрсөн бямба гарагт “The Open Mic Mongolian”-ийн задгай тайзыг гурван цагдаа ирж доргиов. Цахим орчинд төрийн дүрэмт хувцастай алба хаагчид шуугиулаад байгаа энэ цаг үед тэдний нэг болох Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэтсийн Хэсгийн байцаагч, дэслэгч Д.Өнөболдтой ярилцлаа.

–“The Open Mic Mongolian”-ийн тайзан дээр реп дуулж, олныг доргиолоо. Яагаад энэ тайзан дээр дуулах болов?

-Баасан гарагийн өглөө “Өглөөний гудамж”-д найзтайгаа кофи уугаад сууж байхад Open mic-ийнхэн ирчихсэн дуулж байсан. Хажуугийн ширээний хоёр эгчид зориулж дуу дуулъя гээд дуулсан Дараа нь биднийг хараад “Өө, манай цагдаагийн алба хаагчид энд сууж байгаа юм байна. Цагдаагийн тухай сайхан дуу дуулъя” гээд манай 100 жилд зориулсан дууг эхлүүлсэн учраас бид мэддэг дуу байна гээд л дуулсан юм. Явах үеэр зохион байгуулдаг Д.Энхтайван ах биднээс “The Open Mic Mongolian” маргаашийн арга хэмжээн дээр “Дүрэмт хувцастайгаа ирээд дуулах боломжтой юу” гэж асуусан. “Дүрэмт хувцастайгаа очих юм бол дарга, удирдлагуудаасаа асууж байгаад хэлье ээ” гэсэн юм. Харин манай удирдлагууд “Алба хаагчийнхаа ёс зүйг баримтлаад очиж болно” гэхээр нь ажлаа тараад очсон юм.

–“The Open Mic Mongolian”-ийн тайзан дээр дуулах дуугаа хэрхэн сонгосон бэ?

-Яргай загас дуучны Дахилтгүй дууг дуулсан. Түүнийг би долдугаар ангийн урлагийн үзлэгээр дуулж байсан удаатай. Ямар дуу дуулах талаараа Д.Энхтайван ахаас асууж, энэ дууг дуулж болох уу гэхэд “Хараалын үг хэллэггүй юм чинь дуулчих” гэсэн.

-Ер нь хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?

-Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Урлагийн үзлэг урлагийн тоглолтуудад ордог байлаа. Ер нь дуу их сонсоно. Өөрөө хоёр дуу зохиож байсан. Нэг дуу нь youtube хуудсанд маань байдаг Өнөкө-loving history юм. Харин нөгөө дууг нь төгсөлтийнхөө баяраар дуулахдаа дүрсжүүлж аваагүй болохоор байхгүй.

-Урлагийн авьяасаас гадна спортоор хичээллэдэг юм байна лээ.

-Тийм ээ. Сагс, гантбол, хөнгөн атлетикаар хичээллэж байсан. Сагс болон гандболоор нэгдүгээр зэрэгтэй. 2016 оны Хүүхдийн их наадамд гандболын төрлөөр түрүүлж байсан. Ер нь өөрийгөө тал бүрээр л хөгжүүлье гэж зориод цаг завгүй байхыг хичээдэг. Өөрийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаараад хэдий завгүй байсан ч долоо хоногт яаж ийгээд л хоёр удаа зааланд тоглоно. Энэ нь миний эрүүл мэндэд тустай. Сүүлийн үед фитнессээр хичээллэж өв тэгш байлгахын төлөө хичээллэж байгаа. Урлаг, тэр дундаа дуулах нь найз нөхдөөрөө хамт суухад эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг. Харин спорт нь хүний эрүүл мэндэд ач тустай.

-Чөлөөт цагаараа өөртөө заавал цаг гаргадаг гэлээ. Өөрөөр яаж хувь хүний хөгжилдөө анхаардаг вэ?

-Чөлөөт цагаараа ном их уншдаг. Цагдаагийн байгууллагаас “Номтой нөхөрлөе” аян зарлачихсан. Одоогийн байдлаар би Цойлогсод, 5 секундийн дүрэм, Энгийн дадал зэрэг номыг уншиж байна. Нэг номыг бариад суух биш хоёр, гурван номыг барьж унших нь миний хувьд харьцуулж, нэг зүйлийг нөгөө зүйлээр давхар ойлгуулж болмоор санагддаг. Уншиж байгаа номнуудаа товч танилцуулж, бусдад ном уншаасай гэсэн сэдэл өгөх үүднээс номынхоо талаар товчхон танилцуулмаар байна. Энгийн дадал номын тухайд нь хүний амьдралд байнга хийж байгаа тэр дадал, рефлекс нь таныг бүтээдэг гэсэн агуулгатай. Гэхдээ би уншиж дуусаагүй байгаа. Таван секундийн дүрэмд хүн таван секундийн дотор аливаа бодсон зүйлээ шууд босоод хийх ёстой. Таван секундээс хойш хүний тархинд зархуурлын дохио дуугарч, сөрөг зүйлийг нь бодох зэргээр аль болох хойш тавиулах гээд байдаг. Тийм болохоор аливаа төлөвлөсөн зүйлээ таван секундийн дотор хийх ёстой байдаг тухай гардаг. Ер нь аль болох энэ уншсан мэдсэнээ хэрэгжүүлэх гэж хичээж байгаа. Хааяа чадахгүй үе гардаг ч удахгүй энгийн дадал номынхоо үр шимийг шингээгээд өгөөжийг нь гаргана гэж бодож байна. Жишээлбэл би дээрх уншиж байгаа номуудаасаа таван секундийн дүрмээ өөртөө энгийн дадал болгохоор хичээж байгаа. Энэ нь миний дээр хэлээд байсан номыг зэрэг уншихыг бас нэгэн давуу тал юм уу даа.

-Хувь хүнийхээ хөгжилд анхаарч, зорилготой байдаг юм байна. Үе тэнгийн залуустаа хандаж юуг хэлэх вэ?

-Хувь хүнийхээ хөгжилд анхаардаг байхаас гадна Цагдаагийн байгууллагын нэг уриа, хөдөлгөөн ч бий. Энэ бол “Ганц хором тэвчье”. Хүн аливаа зүйлийг бодож хийх ёстой. Амнаас гарсан үгээ буцааж болдоггүй. Үүнийг хийвэл дараагийн үр дүн юу билээ гэдгийн сайн тооцоолох хэрэгтэй. Уураа барьж чадаагүйгээс болоод хүнийг цохиод өөрөө буруудчихдаг. Хатуу үг хэлээд хүний сэтгэлийг гэмтээчихдэг. Үг гэдэг их хурц мэс шиг зүйл шүү дээ. Хэлсэн үгнийхээ араас 1000 засаж хэлээд нэмэр байхгүй. Тиймээс үеийн залуус минь ийм зүйл дээр битгий алдаасай. Ганцхан хором тэвчээсэй. Би их түргэн ууртай. Ээж маань ч “Миний хүү уураа дараарай. Түргэн уурлаад байна аа” гэж хэлдэг. Ажил мэргэжлээрээ ч бусдад үлгэрлэж байгаа учраас би ч уураа барьж нэг хором тэвчиж сурч байгаа.

-Зөв хүмүүжлийг олж, зорилготой хүн болоход гэр бүл нь их оройл үзүүлсэн байх. Ярианы төгсгөлд ээж, аавдаа хандаж үг хэлээч.

-Аав ээж маань Зүүнхараад байдаг болохоор тэдэнтэйгээ уулзаагүй удаж байна. Сүүлд зургадугаар сард уулзсан юм байна. Тэрнээс хойш очоогүй учраас их санаж байгаа. Үргэлж дэргэд минь зөв зүйлийг үргэрлэн харуулж, зөв хүн болгож хүмүүжүүлж өгсөнд баярлалаа. Өдий зэрэгтэй яваагаа та хоёрынхоо ач гэж боддог. Тэднийгээ бодох бүрт хайр мэдрэгдэж талархаж явдаг юм.  Сарын өмнө би шинэхэн аав болсон. Тэр цагаас хойш өдөр бүр л аав, ээж маань намайг өсгөх гэж юуг туулж, бүтэн нойргүй өдрүүдийг өнгөрүүлж, хажуугаар нь ажиллаж байсных нь багахан хэсгийг амталж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *