The Hu хамтлагийг америкчууд “Буцаад тавтай морил!” гэсэн бичигтэй угтан авчээ

The Hu хамтлагийг америкчууд “Буцаад тавтай морил!” гэсэн бичигтэй угтан авчээ

Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй “The Hu” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тэд энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо мордох бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөсөн байна. “The Hu” хамтлагийн хоёр дахь цомгийн ажил дууссан бөгөөд одоохондоо шинэ цомгийн талаарх мэдээллээ нууцалж байгаа аж.

Энэ талаар хамтлагийн продюсер Б.Дашдондог хэлэхдээ “Хамтлагийн залуус эх орондоо байх хугацаандаа уран бүтээлдээ анхаарч ажиллалаа. Бидний уран бүтээлийн төлөвлөгөө эхнээсээ гарч, аялан тоглолтоо хийнэ. Шинэ цомгийн нээлтээ хийсний дараагаар уран бүтээлийн дээжээ цацах болно. Хоёр дахь цомгийн нээлтээ гадаадад хийх байх” гэв. Тэдний хувьд 2019 онд амжилт, бүтээлээр арвин жил байсан.

Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ. МОНГОЛ ХАМТЛАГ АНХ УДАА “BILLBOARD”-ИЙГ ТЭРГҮҮЛЭВ Монгол хамтлаг түүхэндээ анх удаа “Billboard”-ийг тэргүүлсэн нь “The Hu”. Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог нь өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард “Billboard”-ийг тэргүүлж, тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA жагссан юм. Ийнхүү ийнхүү хэдэн долоо хоногийн турш “Вillboard-ийг тэргүүлсэн BTS-ийг “The Hu” хамтлаг ардаа орхисон нь тэдний анхны амжилт байлаа.

“ГЭРЭГ” ЦОМОГ ДЭЛХИЙ ДАЯАР ЭРЭЛТ ҮҮСГЭВ Тэдний “The Gereg” цомгийн нээлт 2019 оны есдүгээр сарын 13-нд АНУ-д болж, дэлхий даяар худалдаалж эхэлсэн. “The Gereg” цомог нийт есөн дуутай. Үүнд: “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve Yu”, “Shireg Shireg”, “Song of Women” зэрэг дуунууд багтаж байгаа юм. “THE HU” ХАМТЛАГТ ЧИНГИС ХААНЫ ОДОН ГАРДУУЛЛАА Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/ “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгосон билээ.

Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт энэ одонг гардуулсан юм. “THE HU” ХАМТЛАГ 2020 ОНЫ ТАВДУГААР САРД ЭХ ОРОНДОО ИРСЭН Монголын “The Hu” хамтлаг 2020 оны тавдугаар сард Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ “Монголын “The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон. Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Хятадын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж авдаггүй байсан. Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн.

Тэд хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнө нь маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг хэлж байв. ДОМОГТ “МЕТАЛЛИКА” ХАМТЛАГ ТЭДНИЙГ ОНЦЛОВ Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан. Хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж, “Billboard” чартад оржээ. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолж байсан удаатай.

Тэдний “The Gereg” цомгийн талаар Австралийн алдарт хөгжмийн зохиолч, тоймч Мич Чарьлтон шүүмж, магтаал нийтлэл бичсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр “Хөгжимд хил гэж үгүй, хязгаар гэж байхгүй. Бразилд Сепултюра, Германд Раммштайн, Австралид Эй-Си Ди-Си, харин одоо Монголд “The Hu” байна. Дорно, Өрнө халз тулгарсан газраас та бидэнд одоохондоо хөгжмийн ертөнцөд буй бүхнээс тэс өөр, жинхэнэ язгуурыг авчирч байгаа нь энэ.

Эдгээр Монгол залуус ой тоонд багтамгүй аялгуугаараа дэлхий дахинд өөрсдийн соёлоо таниулж байна. “The Hu” хамтлаг, басхүү, тоглож байгаа хөгжмийг таалахын тулд дуулж байгааг заавал бүрэн ойлгох ёстой бишийг ч баталж байгаа юм” гэж тэрбээр нийтлэлдээ онцолж байв.

Leave a Reply

Your email address will not be published.