“Ирмүүн надаас өндөр болчихсон байна лээ”

“Ирмүүн надаас өндөр болчихсон байна лээ”

Хоёр жил “гэрийн хорионд” байсан хүүхдүүд өнөөдрөөс үүрэгт албандаа явж, хот, хөдөөгүй хөл хөдөлгөөн нэмэгдэв. Дүрэмт хувцсаар гоёсон багачууд энд тэндгүй холхиж, хослол, юбка өссөн охид, залуус хотын гудмыг чимнэ. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан манай сурвалжлах баг сурагчид, эцэг эхчүүд, сургалтын байгууллагын удирдлагуудтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Багагүй хугацаанд хөл хорионд байсан хүүхдүүд нь хичээл, сургууль эхлэх сургаар л хөл, хөөрцөг болж эхэлсэн талаар эцэг, эхчүүд онцолж байсан бол сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд хүүхэд, багачуудаа санагалзсан тухайгаа дуулгасан юм. Харин хүүхдүүд “дахиж хөл хорио битгий тогтоогоосой” гэж хүсэж буйгаа хуваалцлаа.

“Ирмүүн надаас өндөр болчихсон байна лээ”

ЕБС-ийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Билгүүдэй: Өнөөдөр хичээл орсон ч хичээлийн шинэ жилийн нээлт болоогүй нь жаахан гутармаар санагдсан. Гэхдээ л сургуулийнхаа гадаа зургаа авахуулаад, бөөн юм болсон л доо. Манай ангийнхан жаахан өөрчлөгдсөн байна лээ. Ирмүүнээ их өндөр болсон байсан. Бүр надаас ч өндөр болчихсон болохоор би өндрөөрөө хоёрт зогсдог болсон. Би найзуудаа их санасан. Бас сургууль, багш гээд бүгдийг нь санасан. Одоо хөл хорио тогтоовол ёстой муухай санагдана. Учир нь дахиад л найзуудтайгаа уулзаж чадахгүй болно. Өчигдөр миний хувьд үнэхээр гоё өдөр байсан. Найзуудтайгаа уулзах нь, сургуулиа дахиад нэг харах нь гэж бодохоор их догдолсон.

 

“Шинэ Монгол Технологийн Коллеж”-ийн нэгдүгээр курсийн сурагч Б.Дэлгэрэхбаяр: Энэ жил сургууль дээр хичээлийн шинэ жилийн нээлт хийгээгүй. Гэхдээ тэр нь надад амар санагдсан. Өмнө нь олон цаг сургуулийн гадаа зогсоод л байдаг байсан нь төвөгтэй байдаг байлаа. Би энэ жил шинэ сургуульд орсон. Гэхдээ ангийнхантайгаа хэдийн танилцчихсан. Мөн өмнө нь олон удаа шилжих байсан болохоор хэцүү байсангүй. Цахим хичээллэх амар санагдсан. Гэхдээ танхимаар хичээллэх нь үр дүнтэй. Манай сургууль халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж хичээллэнэ. Нэг ангид 20 хүүхэд л сурна. Мөн халуун нь 37-оос өндөр байвал тусгай ангид хичээл заана гэсэн. Амны хаалт, гар ариутгагч зэргийг мэдээж тогтмол хэрэглэнэ.

 

ЕБС-ийн дөрөвдүгээр ангийн сурагч З.Яруу: Хоёр жил цахимаар хичээллэсэн. Цахим хичээл гоё байсан ч заримдаа хэцүү, ойлгомжгүй санагдсан. Гэхдээ гэрийнхэнтэйгээ хамжаад хийсэн болохоор хичээл хоцрогдоогүй гэж бодож байна. Өнөөдөр ангийнхантайгаа уулзсан чинь их гоё байсан. Манай ангийнхан өндөр болсон байна лээ. Гэрээсээ хичээллээд, ангийнхан, найзуудтайгаа уулзахгүй байх нь эхэндээ эвгүй байсан ч сүүлдээ дасчихсан. Гэсэн ч хичээлдээ явна гэж бодохоор гоё санагдсан. ”

 

 

 

З.Яруугийн ээж Д.Түвшинжаргал: Цахимаар хичээллэхэд хүүхдийн бие даасан байдал их чухал санагдсан. Биеэ дааж суралцах чадвар сайтай бол хичээлийн хоцрогдол үүсэх нь харьцангүй бага юм билээ. Манай хүүхдийн хувьд видео бичлэгээ давтаж, ухрааж үзээд, сурах зүйлсээ бататгаж байсан болохоор хоцрогдол үүсээгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, цахим хичээл миний хүүд зохисон. Гэхдээ харилцаа, нийгэмшил тал дээр хүндрэл үүсэхээр санагдсан. Тиймээс цаашдаа танхимаар хичээл, сургалт ороосой гэж бодож байгаа. Сургуульд явснаар хичээлээс гадна нийгэмших, харилцааны ур дүйд суралцах зэрэг олон давуу тал бий.

 

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 3б ангийн сурагч Ч.Оргил: Би нэгдүгээр сургуулийн 3б ангид сурдаг. Нэг, хоёрдугаар ангидаа ихэвчлэн цахимаар хичээллэсэн. Гэхдээ ангийнхантайгаа танилцаж амжсан. Найзуудаа маш их санасан. Гэрээсээ хичээллэх нь нээх гоё байгаагүй бас хичээл хоцрогдож байх шиг санагдсан. Харин одоо сургууль дээрээ очоод, найзуудтайгаа уулзана гэхээр их догдолж байна. Дахиж битгий хөл хориосой.

 

 

 

Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Одсүрэн: Энэ жилийн хичээлийн шинэ жил их онцлогтой эхэлж байна. Бид хүүхдүүдээ хүлээж авахын тулд халдвар хамгааллын дэглэм сахиж, багагүй бэлтгэл хийсэн. Тодруулбал, БШУЯ болон УОК-оос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж байна. Манайх 27 багш, ажилтантай. Үүний 17 нь вакцины гуравдугаар тунд хамрагдсан. Харин үлдсэн вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Мөн багш, ажилчид тогтмон амны хаалтаа сольж, бээлий өмсөнө. Ариун цэврээ гойд сайн сахина. Нэг ангид 20+5 хүүхэд л суралцана. Одоогоор нэг ангид дээд тал нь 17 хүүхэд байна. Эцэг, эхчүүд халдвараас сэргийлээд хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс жаахан цаарагдлаад байх шиг байна. Хүүхдүүд ангидаа амны хаалтаа авна.

Leave a Reply

Your email address will not be published.