Наро банчин гэгээнтэн хийж бүтээсэн ажилууд

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ. Түүнийг харсан хүн бүхэн “Ямар царайлаг юм бэ” хэмээн уулга алддаг хэмээдэг. Цахим сүлжээнд ч нийгмийн идэвх өндөртэй байдаг тэрбээр гэгээн сүнс, оюун санааны тухайд л дээд язгуурт, хувилгаан шидэт болохоос бие махбодь, сэтгэлийн хувьд бусадтай адилхан хүн, тэр тусмаа залуу хүн учраас охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд үргэлж байдаг. Хувцаслалтын тухайд хүртэл ганган, брэндлэг байдаг тэрбээр сошиал орчинд Анархүү гэх залуугийн яриагаар хүмүүсийг талцуулаад байна.

Анархүүгийн хэлж байгаагаар хутагт маань ёс зүйгүй үйлдэл гаргасан нь баримттай байгаа гэнэлээ. Тэгвэл та бүхэнд Наро ванчин хутагтын тухай хүргэж байна VII дүрийн Наро Банчэн Гэгээнтэн XVII жарны “Цог нигуурт” хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний Балжиннямтай билэгт сайн өдөр Монгол түмний их шүтээн Отгонтэнгэр хайрханы өвөрт орших Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Урд дүрийн Наро Банчэн Жүгдэрнамжил бээр нэгэнтээ “Миний хойд дүр Отгонтэнгэр хайрханы өвөр өөд өгсөн төрнө” хэмээн айлдсан гэх нутгийн буурлуудын ам дамжин ярьдаг байсан аман билэг нь ийнхүү ашдын билэг болон биелэлээ олжээ.

Д.Баянмөнхийн гэр бүл ууган хүүгээ Б.Цэдэн-Иш хэмээн нэрлэжээ. Бага насаа эцэг эхийн дэргэд өнгөрүүлэн, улмаар Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д элсэн орохдоо компьютер техникт ихэд сонирхолтой байсан тул компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Гэвч энэ ангиа сүүлд өөрчилж Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр амжилттай суралцан 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-даа Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр 13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна. Багшид шавь орж лам болохоос өмнө бие даан төвд үсэг сурч, Итгэл, Гандан Лхавжа, Жанлав Цогзол зэрэг номуудыг бие даан цээжилсэн байв.

Ер нь Цэдэн-Иш хүү бага наснаасаа онцгой шинж тэмдэг олныг үзүүлдэг байсан бөгөөд эелдэг сайхан зан ааш нь олон хүний сэтгэлийг татдаг байсан байна. 2010 оны 11 дүгээр сард Энэтхэгийн Дарамсала хотод IX Богд Жавзандамба хутагтад өөрийн багш Зая Гэгээний хамт бараалхахад тэрээр “Энэ хүүхдэд онцгой шинж тэмдэг байна” хэмээгээд Дарамсалад үлдэхийг зөвлөжээ. Гэвч Гэгээнтэн тухайн үед сургуульд сурч буйгаа айлтгасанд юуны түрүүнд сургуулиа төгсөхийг чухалчилан айлдсан байна. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын зарлигт, “Монгол орны Гандантэгчэнлин хийдийн хамба Чойжамц бээр Наро Банчэнгийн VI дүрийн дараа төрөл VII дүрийг тодруулахыг хүссэн тул шинжилж үзвээс Баянмөнхийн хүү Цэдэн-Иш нь VI Наро Банчэн Гэгээний дараа дүр мөн гэдэгт сайн шинж ургасан учир VII дүрийн Наро Банчэн Гэгээнээр тодруулав.

Хувилгаан өөрийн зүгээс шашин, амьтны тусыг сэтгэлдээ хадгалж, шагшаабад ариунаар сахих, сонсох, санах, суралцахад шамдаж, хичээх нь машид чухал юм. Аврал, ерөөл сэлттэйгээр Далай Лам бээр нийтийн тооллын 2014 оын 09 дүгээр сарын 11-ний өдөр бичив” хэмээжээ. Ийнхүү Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, Данзанлхүндэв хэмээх алдар хайрлажээ. Наро Банчэн Гэгээний төрөл тутмын алдрыг дурьдваас:

Энэтхэг оронд: 1.    Жанингаханда

2.    Банчиннару

3.    Соном-Одсэр

4.    Бадамринчин

5.    Дүнбааравжир

Төвөд оронд:

1.    Даржаачойжалбуу

2.    Ламунгэджав

3.    Дардуйчинбүрэлхүү

4.    Жанцаннямбо

Монгол оронд:

1.    Наро Банчэн Бадамдорж хувилгаан /1699/

2.    Наро Банчэн Агваанчойдонданзанжанцан хувилгаан /1738/

3.    Наро Банчэн Түгжжав хувилгаан /1818/

4.    Наро Банчэн Бирваа хувилгаан /1862/

5.    Наро Банчэн Пүрэвжав хувилгаан /Догшин дүр/ /1884/

6.    Наро Банчэн Жүгдэрнамжил хувилгаан /1904/

7.    Наро Банчэн Данзанлхүндэв хувилгаан /1993/

Ийнхүү Наро Банчэн Хутагтыг Замбуутивд мэндэлсэн цагаас нь тооцвол Энэтхэгт 5 удаа, Төвдөд 4 удаа, Монголд 7 удаа хувилан мэндэлжээ. Наро Банчэн хувилгаанаар тодорсны дараа тун удалгүй  Монголын Бурхан Шашинтны тэргүүн, их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй эрдэмтэн багш нар, лам хуврагууд шавь сүсэгтэн олны хамт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслолыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн юм. Үүний дараагаар өөрийн төрсөн нутаг Завхан аймгийн Отгон сум, урд дүрийн гэгээнтэн Жүгдэрнамжил дээдсийн төрсөн нутаг Шилүүстэй сумдын удирлага, ард иргэдийн хамт заллага айлтгасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Гэгээнтэн нутаг орондоо морилж, номын үйлсийг дэлгэрүүлжээ.

Гэгээнтэнд зориулан 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймгийн Төгс баясгалант Жавхлант хийдэд мандал өргөж, аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд Сэнтийд залах хүндэтгэлийн ёслол болов. Мөн тус оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд Сэнтийд залах хүндэтгэлийн ёслол үйлдэн, даншиг наадмыг 2 өдөр дэлгэр сайхан зохион байгуулсан билээ. Ийн хоёр аймаг дамжин өндөр сэнтийд залагдан түмний талархал хүлээх шалтгаан нь утга учиртай бөгөөд Халхын тамгатай хутагтын нэг Наро Банчэнгийн захирч асан шавь нутаг бол одоогийн Завхан аймгийн урд талын сумд, Говь-Алтай аймгийн хойд талын сумд хамрагддаг байжээ. Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт Наро Банчэн Хутагтын хүрээ хийдийн туурь одоо ч байдаг. Түүний шавь нутаг урд зүгийн Бор цонжоос хойт зүгт Туулайт хүртэл 1,5 өртөө, зүүн зүгийн Уушигаас баруун зүгт Номгон хүртэл 3 өртөө газар байжээ. Улсын төв номын санд байх 1913 онд зохиогдсон газрын зурагт “Наро Банчэн хутагтын нутаг зүүнээс баруун хүртэл бүгд 120 /69120м/ газар, өмнөөс хойд цэг хүртэл бүгд 30 /17280 м/ газар байжээ” гэсэн байдаг.

Гэгээнтэн ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсныхаа дараа 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Энэтхэг улсын Дарамсала хотын Жүдийн дацанд суралцахаар эх орноосоо мордон 3 дахь жилтэйгээ золгож байна. Жүдийн дацанд тэрээр гэвш лхаарамба Жадо ринбүчи Түвдэнжунайн удирдлага дор суралцаж буй. Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн болон соён гэгээрүүлэх үйл ажлыг удаа дараа зохион байгуулж, мөн хөдөө орон нутгийн сүсэгтнүүдэд зориулан буян номын ажлыг тасралтгүй явуулсаар ирсэн юм.

НАРО БАНЧЭН ХУТАГТ САН Тус институтийг анх Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн санаачлан, шавь нийт сүсэгтнүүдийн хамт 2015 оны намар шав тавьж, гурван жилийн хугацаанд барьж байгуулан 2018 оны 6 сарын 25-ны өдөр буддын гүн ухааны талаарх цогц мэдлэг олгох сургалт, судалгааны төв, сүсэгтэн олны зорин ирэх ариусал нигүүслийн газар болгон нээснээр үйл ажиллагаа нь жигдэрчээ. Институтын гол зорилго нь хүн ардад буддын шашны сургааль,  номлолыг академик түвшинд үнэн зөвөөр нь судлах боломж бололцоог бүрдүүлэн өгч, өдөр тутмын амьдралдаа дадуулах, сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх, хувь хүн болоод нийгмийн ёс суртахууныг хөгжүүлэхэд чиглэж буй билээ.

Тиймээс буддын гүн ухааны бүхий л зан үйл, үзэл онолыг хувь хүнд төлөвшүүлэх, оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэлийн амар амгаланг таниулахыг зорьж хоёр төрлийн сургалтыг зохион байгуулж байна. 1. 2 жилийн академик сургалт – Буддын гүн ухаанд мэргэшсэн эрдэмтэн багш нар дараах хичээлийг мэргэжлийн төвшинд хөтлөн явуулна. Бурханы шашныг гүнзгий, нягтлан суралцахыг хүссэн хүн бүхэн суралцах боломжтой. Төлбөртэй. А. Төвөд бичиг үсэг Б. “Бодь мөрийн зэрэг”-ийн үндсэн эх сурвалж В. Бурхан Багшийн намтар Г. Бэлтгэлийн 6 зан үйл 2. Чөлөөт сургалт – Сүсэгтэн олонд зориулсан анхан шатны сургалт Энэхү сургалтанд сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой. Долоо хоног бүрийн Бямба, Ням гарагт хичээллэнэ. Төлбөргүй. Хүмүүнлэгийн ажилууд “ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗАР 150 САЯ ТӨГРӨГИЙН АВТОКЛАВТАЙ БОЛЛОО “Наро Банчэн Хутагт НҮТББ”-гаас нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан ариутгалын аппаратыг хандивлалаа. Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтний санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Наро Банчэн Хутагт НҮТББ”-гийн буяны үйл ажиллагаа сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тасралтгүй үргэлжилсээр байна. Энэ удаад сангийн зүгээс Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагтай байсан 150 орчим сая төгрөгний үнэ бүхий ариутгалын аппаратыг хандивлалаа.

Хандивын арга хэмжээнд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Хамба Лам Д.Чойжамц оролцож, даган баяссан сэтгэлээ илэрхийллээ. Өргөө амаржих газарт өдөрт дунджаар 40-50 эх амарждаг ба жилдээ 12 мянга орчим эх амарждаг аж. Сүүлийн хоёр жилд амаржих газрын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ариутгадаг аппарат доголдолтой болсноор зарим үед эхчүүд амаржихад хүндрэлтэй болж бусад амаржих газар болон эмнэлэгт багаж хэрэглэлээ ариутгадаг байжээ. Бидний зүгээс нэн шаардлагтай үед нь тусламж үзүүлсэндээ баяртай байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИОД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ Монгол хүн бүр хүүхэд ахуй цагаасаа радио сонсож ирсэн нь дамжиггүй юм. Орой бүр радиогоор явдаг Үлгэрийн цаг, Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян хэмээн үргэлжлэх нэвтрүүлэг, жил бүрийн намарт цангинадаг Ургацын далай нэвтрүүлэг гээд олон олон радио нэвтрүүлгүүдийг сонсож, түүгээр мэдлэгээ баяжуулж, ухаанаа тэлж байдаг билээ. Энэ жил тус радиогийн түүхт 85 жилийн ой тохиож байгааг чухалчилан ирээдүй хойч, үр хүүхэд, залуу үеийнхэнээ үргэлж үлгэрлэн дагуулж, тэднийг соён гэгээрүүлж байхыг захиж радиогийн эфирийн 1-р студийг сэргээн засах, шинэчилэн тоноглоход зориулан “Наро Банчэн Хутагт” НҮТББ-ын зүгээс Хандив өргөлөө. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд баяраа тэмдэглэж байна. Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.

Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. Хүүхдийн баярын босгон дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлт болж, тус нээлтэд Наро Банчэн Гэгээнтэн оролцож, хүүхэд багачуудыг чин сэтгэлийн угаас баярлууллаа. Энэхүү баярын үйл ажиллагаанд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Бэст кофе шоп” болон Дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн “Кофе шоп”-ын залуучууд өөрсдийн гараар бүхий л цай, кофе, сэндвич зэргээ бэлтгэж баярын үеэр хүүхдүүд, эцэг эхчүүд, хүндэт зочдыг дайлсан юм.

Наро Банчэн Гэгээнтэний зүгээс эдгээр ажил хөдөлмөр эрхлэхийг зорьж буй залуучуудад урам хайрлаж, тэдний энэ өдрийн бүхий л үйл ажиллагааг санхүүжүүлсэн ба мөн энэ өдөр тус төвөөр зочилсон, баяраа тэмдэглэж буй бүх хүүхэд багачуудад гарын бэлгээ тараалаа. НАРО БАНЧЭН ХУТАГТЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Монгол улс, Улаанбаатар хот – Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн сар шинийн өдрүүдийг эх орондоо угтахаар цөөхөн хоногийн чөлөөтэй морилон ирээд байна. Тэрээр энэ удаа “Нароба институт” болон “Наро Банчэн Хутагт” сан-тай хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгуулж байгаа юм.

H1N1 томууны вирус тархаад байгаа энэ үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, Сонгино Хайрхан дүүргийн 26-р хорооны Б.Одсүрэн эрхлэгчтэй 160 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 22-р хорооны С.Одгэрэл эрхлэгчтэй 238 дгуаар цэцэрлэг, мөн хорооны М.Нэргүй эрхлэгчтэй 213 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны М.Уранчимэг эрхлэгчтэй “Цасангоо” цэцэрлэг, 18-р хорооны Тэрбиш эрхлэгчтэй “Сайханаа” цэцэрлэг, 16-р хорооны А.Цэрэнпил эрхлэгчтэй “Ананд шавь” цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг, агаарын бохирдол ихтэй бүсийн 7 цэцэрлэг, Эх Хүүхдийн Үндэсний Эрүүл Мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн М.Чимгээ эрхлэгчтэй Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн Magic ball агаар цэвэршүүлэгч 100 ширхэгийг хандивлав.

Наро Банчэн Гэгээнтэн: “Энэтхэгт  байхдаа эх орны маань ирээдүй болсон хүүхэд багачууд ханиад томуугаар өвчлөх нь өндөр хэмжээнд байгааг өдөр тутмын мэдээ мэдээллээс харж байлаа. Тийм учраас бидний өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч өвдсөн хүүхдүүдийг түргэн илааршихад нэмэр болоосой, эрүүл саруул хүүхдүүдийг өвчлөхөөс урьдчлан сэргийлж агаарт байгаа халдварт вирусыг устгаж, тайван тухтай байх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүссэн юм. Мөн энэхүү хандивын аянд оролцсон өглөгийн эзэдэд ч багачууд дүү нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэж онцлон дурьдав. Манай улсын нийслэлийн хувьд агаарын бохирдол нь гамшигийн хэмжээнд хүрсэн, хүүхэд багачууд ихээр өвчилсөн хүндхэн цаг үед Энэтхэг улсад суралцаж буй Гэгээнтэн маань эх орныхоо  хүүхэд багачуудын эрүүл мэндэд санаа тавьж, эх орондоо тээж ирсэн бэлгийг нь гардаж авсан ЭХЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Алтантуяа “Хүүхэд эмчилнэ гэдэг бол асар том хариуцлага.

Хүн эмчлэх, хүүхэд эмчлэх хоёр тэс өөр ажил, арга ухаан байдаг. Хүн өөрийнхөө зовиур шалтгааныг тоочдог бол харин хүүхдийг эмч бүх зүрх сэтгэлээрээ нарийн мэдэрч эмчлэх хэрэгтэй байдаг юм. Бидний энэ хүнд бөгөөд хариуцлагатай албыг ойлгож, хүндэтгэн зорьж ирсэн танд баярлалаа” хэмээж байв. Үнэхээр түүний алс холоос тээж ирсэн бэлэг очсон газар бүртээ талархал хүртэж байлаа. Наро Банчэн Гэгээнтэн эмнэлэг, цэцэрлэгийн багш, ажилтан албан хаагчдад зориулан “Та бүхэн маш хариуцлагатай ажил хийж байна. Нөгөө талаараа хүүхэд багачуудтай ажилладаг та бүхнийг маш буянтай үйлс хийж байна гэж би боддог.

Түмний олон хүүхдийг ёс суртахуунтай, зөв хүн болох төлөвшлийг нь хичээнгүйлэн бүрдүүлж өгөхийг хүсье. Танай байгууллагад өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч аппарат хүүхэд багачуудын эрүүл мэндэд бага ч болтугай тус болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэж онцгойлон захиж байв. Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, 1 цагийн дотор  PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар саармагжуулах хүчин чадалтай юм байна. “Шидэт сар” хэмээн нэрлэгддэг энэхүү агаар цэвэршүүлэгчийг хандивлах хүмүүнлэгийн үйлс маргааш ахин үргэлжилнэ. АРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Наро Банчэн Гэгээнтэн сар шинийн өмнөх энэ өдрүүдэд эх орондоо түр хугацаагаар морилоод байгаа билээ.

Тэрээр энэ удаа хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг биечлэн зохион байгуулахаар болжээ. H1N1 томууны вирус хүчтэй тархаад байгаа энэ үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхааран ясли, цэцэрлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхасын эмнэлэг гэх мэт бага насны хүүхдүүд олноор төвлөрсөн газруудад нийт 100 ширхэг агаар цэвэршүүлэгч аппарат хандилахаар болжээ. H1N1 томууны вирус нь Дэлхийн эрдэмтдийн уг вирусыг амьсгалын замаар хүнээс хүнд дамжин халддагийг тогтоожээ.  Тиймээс манай улсын нийслэлийн хувьд агаарын бохирдол нь гамшигийн хэмжээнд хүрчихсэн, хүүхэд багачууд гэлтгүй нийт хүн амынх нь нэжгээд хувь нь энэ төрлийн томуугаар өвчилчихсөн хүндхэн цаг үед номт улсад суралцаж буй Гэгээнтэн маань эх орныхоо  хүүхэд багачуудын эрүүл мэндэд санаа тавин агаар цэвэршүүлэгч Magic Ball аппарат  хандивлахаар болов.

Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, 1 цагийн дотор  PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар сармагжуулахаас гадна 20-иод төрлийн үнэртүүлэгчтэй байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм байна. Наро банчин хутагтын хүрээ Зураг: Наро банчин хутагтын хүрээний туурин дээр үлдсэн Цогчин дуганы хана /2018 он/ Засагт хан аймгийн Наро банчин хутагтын шавийн хүрээ нь одоогийн Тайшир сумын төвөөс 18 км-т Завхан голын эрэг дээр төвхнөж байжээ. Анх 1802 оны хар нохой жил Наро банчин хутагт Агваанчойрогдашжамц Завхан голын хойд эрэг Чандмань уулын өвөрт сүм хийд байгуулж Манжийн хааны зарлигаар “Соёлыг бадруулагч сүм” хэмээн нэр шагнуулжээ. Ийнхүүү 1802 оноос Цогчин, Хангал, Ганжуур, Хайлан хурлуудыг хурж Майдар эргэх ёсон тогтоожээ.

Дараа нь 1864 онд тус шавийн Дилов хутагт Эрх цорж Рашпунцаг Цаннидын хурал тогтоохоор Богд Жавзандамба хутагтад айлтгасанд Богд гэгээн Жаминшадавын игчаагаар байгуулахыг дурьдан зөвшөөрөл олгосноор Цаннид хурал хурж эхэлжээ. 1880 онд Наро банчин хутагт Бирваа мөн шавийн Дилов хутагт Эрх цорж Рашпунцаг нар Жүд дацанг хурал хуруулжээ. 1918 онд энэхүү 2 дацанд нэр шагнуулахаар Богд Жавзандамбад айлтгахад 8-р Богд Жавзандамба хаан зарлиг гарган Цаннид дацанг “Чоянжүрмэддэгчинлин”, Жүд дацанг “Тэвшинсүмбэрэллин” хэмээн тус тус нэр шагнажээ. ХХ зууны эхээр Наро банчин хутагтын хүрээнд 7-8 сүм дугантай Ламрин, Ложин, Цаннид номын сургуультай Дончид, Найдан чого, Манал, Нүннээ зэрэг хурлуудыг цаг ямагт хурдаг нийт 300 шахам ламын данстай хурал номын газар байжээ.

Зуны эхэн сард Майдар эргэдэг, Зуны адаг сард Нүгнээ сахидаг намрын эхэн сард Ганжуур эргэж намрын дунд сард нь Хайлан хурдаг байжээ. Харин Цам гардаг байсан тухай доторхой мэдээлэл байхгүй байна. Тус хүрээний сүм дуганы хийц зохиомж хосгүй хийцтэйгээрээ бусад хүрээ хийдүүдээс ялгаатай байсан гэдэг. Хагас өртөө газраас өглөө нар ургах орой нар шингэх үеэр сүм дуганы Алтан Ганжирууд Түмэн зул асаасан мэт шаргалтаж харагддаг байсан нь нэн үзэсгэлэнтэй бөгөөд аргагүй л Халхын 2 том хутагт хутагтын ид шидэнд бишрэх энгийн сүсэгтэн олны итгэлийг улам бүр нэмэгдүүлдэг байсан тухай настайчууд ярьдаг ажээ.

Богд хаант Монгол улсын үеийн 13 тамгатай хутагтын 2 нь нэгэн хүрээнд зэрэгцэн сууж байсан нь ховор тохиол учрал бөгөөд энэ 2 хутагтын хүрээнд эргэл мөргөлөөр ирэх хүмүүс, цагаачлан амьдрах хүмүүс элбэг байснаас уг шавийн хутагт олон газрын халх, торгууд, өөлд, дөрвөд зэрэг олон ястан суурьшин амьдарч байжээ. Тус хүрээнд Наро банчин хутагтын Халхад тодорсон сүүлчийн 5 дүрүүд, Дилов хутагтын сүүлчийн 3 дүр үе дамжин залагдан сууж түмэн шавь нартаа буян хишгээ хайрласаар ирсэн түүхтэй юм байна. Тус хүрээнийхэн хүрээ хийдээс холгүй орших эртний тахилгат Гэгээн овоо хэмээх овоогоо хаврын адаг сард тахидаг байжээ. 1929 онд Дилов хутагт Жамсранжав хүрээнээсээ баригдсан ба 1937 онд хутагтын хүрээний хурал номыг тарааж 1939-1940 онуудад сүм дуганыг нь нураан буулгажээ. Одоо Наро банчин хутагтын хүрээний туурин дээр Цогчин дуганы 4 хана нь босоо хэвээрээ үлдсэн ба бусад сүм дуганы зөвхөн туурь нь л үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *