Сурагч байхад манай амьдрал ядуу гэх ангилалд багтахаар хэцүү байж билээ…

Шагнал аваад ороод ирэхэд ангийнхан ад үзэх ямар байдгийг би мэднэ. Үргэлж багшийн магтуулдаг шавь байх нэг бодлын там шиг зүйл байдаг. Хэчнээн хүн намайг багш нарт хахууль өгдөг гэж ярьдаг байсан гээ. Гэтэл үнэндээ сурагч байхад манай амьдрал ядуу гэх ангилалд багтахаар хэцүү байж билээ. Сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй багш цүнхэн дотор “Энэ сардаа багтаан төлбөрөө тушаагаарай” гэсэн захиа сэмхэн шургуулдаг байв.

Хүүхдүүдийн дэргэд эвгүй байдалд оруулахгүйн тулд ээжид захиа бичиж байгаа багш. Захиаг цүнхнээс авч уншаад яахаа мэдэхгүй шаналж байгаа ээжийгээ хараад “Би онц сурах ёстой, хичээх л хэрэгтэй” гэсэн бодол тархи дүүргэдэг байлаа. Хүүхдүүд үзэн ядаж байсан ч би өөртөө итгэлтэй байсаар 12 жил дараалан онц дүнтэй сурч төгссөн. Зүгээр л хичээснийхээ төлөө, өөртөө итгэлтэй байсныхаа төлөө би ганцаарддаг байсан. Наанаа үргэлж хатуу хад шиг харагдавч гэртээ хариад уйлах үе бишгүй олон. Models show-ний туршид цаг мөч бүрт адлагдаж байгаа ч инээсээр байсан Ханнаг би дэмжихгүй байж чадаагүй ээ. Финалын дугаар дээр Ханнагийн ээжийн ярилцлага өгч байгаа хэсгийг хараад сэтгэл үнэхээр их хөдлөв. Ганган хээнцэр тавилгагүй ч цэмцийтэл цэвэрлэсэн даруухан буйдан, компьютерын намхан ширээ, зурагт гурваар чимсэн зочны өрөө ямар энгийн, сайхан санагдав аа. Энэ охин эгэл жирийн айлын эрдэнэс нь юм гэж бодогдлоо.

“Манай эгч хөөрхөн” гэж хэлж байгаа дүү гээд л… Ханнагийн гадаад төрх гэхээсээ дотоод эрч хүч, хүсэл мөрөөдөл хамгийн үзэсгэлэнтэй нь санагдлаа. Том болох их муухай. Амьдралд хөл тавина гэдэг амиа хорлолтоос ялгаагүй. Алхам бүрт өөрсдийн үндсэн өнгөө гээж хүсээгүй хэрнээ өөрийнхөө өнгийг бүдгэрүүлэх олон саад бэрхшээлтэй бид нүүр тулдаг. Мэдрэл л хүн биш бол хүн хүссэн хүсээгүй ухаажиж намба суудаг. Дөнгөж л амьдралд хөл тавьж байгаа энэ залуу, халуун, гал цогтой авхайд зүгээр л алга ташъя. 60-тай ч ухаан суугаагүй өвгөн бий шүү дээ. 21-хэн настай залуу авхайд би гэсэн эго байх үзэн ядам зүйл биш. Харин ч залуухан тэнэг байгаа нь хайрлам юм. Яаж ч хүсээд би энэ эрч хүчээ эргүүлж авч чадахгүй учраас атаархаж байна. Тэгтлээ хугарч, нугарах олон юм үзэж.

Хүссэн хүсээгүй шалдаа бууж газарт наалдах хатуу үйл явдал том болсон хүн бүрт тохиолддог. Өнгөө алдсан ч бага алдаасай. Өөрт өгөгдсөн мэдрэмжээ хөөрүү нэгэн болоход биш илүү ухаалаг, намбалаг болоход зарцуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Чи олон үзэгчдэд өөртөө итгэлтэй, дэврүүн явсан үеийг нь санагдуулсан шүү. Өөр ямар ч оролцогч мэдрүүлээгүй онцгой мэдрэмж өгсөнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.