Лувсандаваа: Doli Choi зүгээр л ярьж сууж байснаа “Андаа чи энэ 200-г бүүр ав гэсэн”

Багын анд Лукадаа шаргал 200-гаа бэлэглэсэн” гэх найзынхаа постоор олон танигдсан “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Лувсандавааг сошиал трэндээр онцлон ярилцлаа.

Б.Лувсандаваа нь чулуу, төмрийн дархан. Мэргэжлээрээ гадаадад болон эх орондоо 20 гаруй ажилласан. Монголын анхны “Морины цирк”, Ардчиллын 30 жилд зориулсан төв талбай дахь хамгийн том тайз, Хотгойдын хурд наадмын төв тайз, Гандангийн төв хаалга, Баянбуурал амралтын аман дахь хийд , Snoop Dogg, 50 cent дэлхийн оддын тоглолтын тайз гээд түүний ган төмөр, чулуун хийцийн бүтээлүүд тоочоод баршгүй их. Харин найз Ч.Эрдэнэдалай Лондон, Калифорнийн их сургуулийг төгссөн, санхүүч мэргэжилтэй. Тэд 20 гаруй жил найзалж, 2017 оноос “Алтан бумба” санхүүгийн нэгдлийг байгуулан ажиллаж байна.

– Ч.Эрдэнэдалай та хоёр хоёулаа нийгэмдээ, мэргэшсэн салбар бүртээ ихийг хийж бүтээсэн залуус. Гэхдээ та хоёрыг найзын тань Осоржмаа Dale Choi хуудаст нийтэлсэн “нийтлэлүүд” олонд таниулсан?

-Бидний нөхөрлөл 1999 оноос эхэлсэн. Залуус ууж идэж, наргиж цэнгэж яваад танилцдаг тэр л жишгээр. Онцлог нь, өнгөрсөн хугацаанд би арваад жил Европын орнуудаар амьдарсан, найз нь маань ч гэсэн адилхан. Гэвч энэ хугацаанд огт холбоо харилцаагаа таслаагүй, ийм л андууд.

-Лука анддаа шаргал 200-гаа бэлэглэлээ л гэнэ, Лука анд загналаа л гэнэ. Лука андгүй юм алга, энэ найзад?

-Нөхөрлөлийг хязгаарт нь тултал нөхөрлөвөл бахдалтай. Би бол хязгаарт нь тулчихсан юм болов уу гэж бодоод байгаа. Хүмүүс “гомо юмуу та хоёр” гэж асуудаг, бичдэг. Инээд хүрдэг байхгүй юу. Атаархтал нь үерхсэн байна ш тээ, үнэхээр дээд цэгт нь тултал андууд явсан байна. Бид хоёр маргалдана л даа. Засаг захиргаагүй ч юмуу, загнах хүнгүй болчихвол эр хүнд их уйтгартай. Гэхдээ бас үргэлж юу юугүй загнаад байхав. Өөрийнхөө зөв зүйл дээр аав шиг нь загнана.

-Лука анддаа шаргал 200-гаа бэлэглэлээ гэдэг пост олон хүнд хүрсэн. Хүмүүсийн зарим нь найзуудаа мэншион хийж анддаа ийм зангараг гаргах уу гэсэн бол зарим нь энэ бол шоу, өгөөгүй, өөрөө унаад явж байна гэх мэтээр хандсан. Харин та энэ бүхэнд хариулаач?

-Тэр постноос бүр өмнө надад бэлэглэсэн ш тээ. Зүгээр л ярьж сууж байснаа андаа чи энэ машиныг бүүр ав гэсэн. Би дараа нь андаа түмэнд түгээчих, чам шиг ийм андууд гараад ирвэл бас болж байна ш тээ гээд тэр пост гарсан. Тэгээд явж байтал чи одоо наад нэр усаа шилжүүлж аваач гээд Далай хэлээд л, би хуучинсаг хүн шүү дээ, тоохгүй яваад байлаа. Тэгсэн нөгөө пост дор нь хүмүүс өгөөгүй л байна энэ тэр гэсэн бололтой юм. Намайг 11 сарын сүүлээр хөдөө яваад ирэхэд миний нэр дээр шилжүүлсэн. Найз маань баяндаа биш, би нэг яахаа алдсандаа биш зүгээр л гоё нөхөрлөлд үлгэрлэл үзүүлж байгаа юм. Магадгүй тэр мэншион хийсэн нөхдүүдээс анддаа машин бэлэглэсэн л байх.

– Иргэн Осоржамаагийн фээсбүүк хуудсыг Ч.Эрдэнэдалай худалдаж авсан гэдэг. Энэ дээр та ямар байр суурьтай байсан бэ?

– “Алтан бумба” санхүүгийн нэгдэл дээр гурван анд байдаг. Энэ санал анх манай өөр нэг найз буюу гүйцэтгэх захирал дээр маркетингийн албанаас санал орж ирсэн юм байна. Тэгээд гурвуулаа ярилцаад дэмжээд худалдаж аваад хаячихсан юм. Нэрийг нь солиод хэлээрэй гэсэн. Маркетингийн албаны залуучууд маань үг үсгийн алдаа гаргаснаас болоод нэр солигдоогүй, жаахан хойшилсон юм билээ. Харин мөнгө нь тэр нэг хүүхдэд очиж байгаа юм болов уу гэж бодсон чинь менежер гээд нэг өндөр залуу гүйгээд байсан тэр авсан юмуу, би ерөөсөө сайн ойлгоогүй. Ер нь бид нар тийм нарийн ширийн юманд нь оролцдоггүй. Мөнгөтэй ойр байх дургүй, мөнгөнөөс аль болох хол байсан нь эр хүнд, нөхөрлөлд хэрэгтэй зүйл гэж боддог.

-Б.Лувсандаваа гэж хэн бэ?

-Лувсандаваа гэж гэнэн, бүдүүлэг, тэгээд ухаалаг. Миний гаргадаг үйлдэл энэ гурван үгэнд л багтаад байдаг. Зарим үед жаахан соёлгүй загнана. Жүжиглээд байх нь надад таалагддаггүй.

-Харин Ч.Эрдэнэдалай гэж?

-Нөхөрлөл дээр бол жаахан хүүхэд шиг. Ажил дээр бол сайн удирдагч, шинийг санаачлагч. Бүх юмаа салгаж, ялгаж зааг тогтоож чаддаг тийм залуу.

-Нөхөрлөлийн үнэ цэнийг та хэрхэн ойлгодог вэ?

– Нөхөрлөл зорилго, хүсэл тэмүүлэл нэг тийшээ нэг зүйл дээр төвлөрч чадсан цагт өөрөө цаашаа явчихдаг. Бие биенийхээ сайн талыг олоод харчихвал нөхөрлөл урт насална гэж би боддог.

-Гэр бүлүүдээ танилцуулаач?

– Нээх дэлгэрэнгүй юуг нь танилцуулахав. Би гэр бүлтэй, Далай найз бүсгүйтэй.

Ярилцлагын дэлгэрэнгүйг видео хэлбэрээр хүлээн авч үзээрэй.

Бэлтгэсэн Б.ЭРДЭНЭБАЯР, Б.БАЯРТ 

Эх сурвалж: Eguur.mn 

Leave a Reply

Your email address will not be published.