Г.Нямдорж: 10,11 дүгээр ангийн хүүхдүүд нохой зодоон үзэж байгаа юм шиг хөгжөөн дэмжээд байж байсан гэсэн…

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 22-ний өдөр Нийслэлийн 97-р сургуулийн ахлах анги буюу есдүгээр ангийн 30-40 орчим хүүхдүүд нийлж нэгнийгээ бүлэглэн зодсон хэрэг гарсан. Энэ талаар хохирогч хүүхдийн ах Г.Нямдорж мэдээллэхдээ “Сургуулиас нь 100 метрийн зайнд 3 бүлгийн 40 орчим сурагчид нийлж дүүг маань бүлэглэн зодсон хэрэг гарсан байна. Зодсон хүүхдүүд есдүгээр анги, манай дүү ч ижил.

Хамгийн муухай нь 10,11 дүгээр ангийн хүүхдүүд хараад, хөгжөөн дэмжээд байж байсан гэнэ. Нохой зодоон үзэж байгаа юм шиг. Дүү маань өөрөө том биетэй хүүхэд. Олуулаа нийлээд зодчихоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй гэсэн. Боох нь боогоод хэдэн талаас нь татаж чангааж, барьж байгаад зодсон байна лээ. Толгой руу нь хүчтэй өшиглөж байхыг нь ангийн 4 хүүхэд харсан байсан. Бүчлээд тойроод зогсчихсон болохоор ангийн хүүхдүүд нь туслаж чадаагүй юм байна лээ. Тусалвал ална шүү гэж сүрдүүлсэн байсан. Толгой нь хонхойгоод орчихсон байж байгаад буцаад хавдчихсан байсан.  Дүү маань сургуулийнхаа сурагчтай ам мурийсан, тэр үедээ эвээр учраа ололцох талаар ярьсан боловч бүлэглээд зодчихсон байна. Өнөөдөр хүүхдүүдийн сэтгэлзүйд анхаарал тавьж ажилладаг боловсролын тогтолцоо байхаа больж. Багш нар нь хүүхдүүдтэйгээ ойр байхаа больж, эцэг эхчүүд ч мөн адил. 97-р сургуулийн нийгмийн ажилтан нь ганцхан байдаг гэнэ. Ороод уулзсан чинь 4000 гаруй хүүхдүүдтэй тулж ажиллахад хэцүү гэж хэлсэн. Сургуулиуд нийгмийн ажилтнуудынхаа тоог нэмж, сурагчидтайгаа тулж ажилладаг болоосой гэж хүсэж байна. Ялангуяа сансар орчимд нийгмийн доод давхрагынхан их амьдардаг. Ийм газартаа илүү анхаарч ажилламаар. Одоо дүүгийн маань бие хүнд байна. Гавал нь цуурчихсан, цус хуралттай байна гэх хариу гарсан. Хагалгаанд ч орж болзошгүй болчихоод байна. Миний дүү бас ээж нь хэрвээ гайгүй байвал цагдаа сэргийлэх болоод яахав, хүүтэй минь ижилхэн хүүхдүүд гэж ч хэлсэн.

Гэвч биеийн байдал, оношийг нь харахаар яах аргагүй цагдаагийн байгууллагад хандаж байна. Өрөгдөл өгөхөөр цагдаагийн алба хаагчид тоодоггүй. Хэвлэлийнхэнээр дамжуулж байж хөдөллөө. Арван жилийн жаахан хүүхдүүд надаас гал асуудаг. Согтуу явж их харагддаг болж. Эцэг эхчүүдээ хүүхдүүдтэйгээ тулж ярилцаж байгаарай” гэв. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст тухайн хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогч хүүхдийн биед ноцтойгоор халдсан хүүхдүүд, эцэг эх нарыг цагдаагийн алба хаагчид хэлтэс рүү авч явав.

Leave a Reply

Your email address will not be published.